“Илч түлш” аян

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ойн мэргэжлийн байгууллагуудын бэлтгэсэн, боловсруулсан мод, модон материалыг худалдан борлуулах, олон нийтэд сурталчлах Oinbirj.Khs.gov.mn цахим мэдээллийн системийг 2019 оны 11 сараас ажлуулж эхлээд байна. Энэхүү цахим мэдээллээр худалдан борлуулах мод, модон материалын чанар байдал, тоо ширхэг үнийн мэдээллийг Монгол улсын аль ч аймаг сумаас орж харах, захиалга хийх бүрэн боломжтой бөгөөд энэ нь иргэн, нөхөрлөл, аж ахуй нэгжийн хувьд цаг хугацаа, эдийн засагт хэмнэлт үзүүлэх ач холбогдолтой программ юм. Одоогийн байдлаар Тариалан, Хатгал, Их-Уул, Тосонцэнгэл, Түнэл, Жаргалант, Бүрэнтогтох, Цагаан-Үүр зэрэг 8 сумын 16 ойн мэргэжлийн байгууллагын худалдан борлуулах түлээ, хэрэглээний модны үнэ болон нөөцийн хэмжээг Oinbirj.Khs.gov.mn цахим системд байршуулсан байгаа бөгөөд “Дэлгэрмөрөн”, “Нарс шинэсэн төгөл”, “Эрчимт Идэр”, “Баяншишхэд” сум дундын ойн ангиуд мэдээллийн үнэн бодитой байдалд тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Мөн ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Илч түлш” аяныг 2 дох жилдээ аймгийн Засаг даргын санаачлагаар хэрэгжүүл байгаа бөгөөд тус арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, сум дундын ойн ангиуд хамтран зохион байгуулж ажиллаж байна. Мөрөн сумын айл өрх, аж ахуй нэгж, байгууллагуудын хэрэгцээнд түлшний модыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, цаашид үнийг өсөлтийг тогтворжуулах, нөөцийг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа юм. Энэ арга хэмжээнд нийлүүлэгчээр Хатгал тосгоны “Домогт далай” ХХК 1524 м3, Түнэл сумын “Их түнэл” ХХК 1524 м3, Тарилан сумын “Хар бухаст” ХХК 1526 м3, Чандмань-Өндөр сумын “Цахирын асга” ХХК 1287 м3, Эрдэнэбулган сумын “Экологи жим” ХХК 1286 м3, Бүрэнтогтох сумын “Хотгойд төгөл” ХХК 656 м3 нийт дүнгээр 7803 м3 түлшний мод хүлээн авах гэрээг байгуулсан. “Илч түлш” аяны хүрээнд нийлүүлэгдэж байгаа түлшний модыг Мөрөн сумын 7 дугаар багт байрлах “Шинэс” түлээний захад 1 м3 модыг 43000 мянган төгрөгөөр худалдан борлуулж байна.