Хөвсгөл аймаг “хөх сувд”-2017 мөсний баяраа зохион байгууллаа

Хөвсгөл аймагт жил бүр Хаан их сарьдаг Хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Хөх сувд-2017” олон улсын мөсний баяр Хатгал тосгоны доод модот буланд 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, баярт гадаадын 68 , дотоодын 10 мянга гаруй аялагч, 1740  тээврийн хэрэгсэл оролцов.  Мөсний баярын нээлтийн арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, аймгийн Засаг дарга Л.Ганболд, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Аялал жуулчлал эрхлэгдийн холбооны тэргүүлэгч Я.Отгонбаяр нар нээж үг хэлсэн бөгөөд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээ өргөн барьж, Мөсөн хотхоны сүлд дуулал эгшиглэн, Тахтай морин чарга,Тэшүүрчид, Цаачдын парад мөсөн хотхоныг тойрон явж оролцогчидтой мэндчиллээ.

Мөсний баяр нь анх 2000 онд тухайн үеийн  Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын Захиргааны дарга Ж.Төмөрсүх, байгаль хамгаалагч Д.Лхагвацогт нарын санаачлагаар Хөвсгөл нуурын “Жиглэгийн даваа”-нд нутгийн иргэдийн дунд зохион байгуулагдаж 7 морин чарга уралдаж, гар барилдаан, тэшүүрийн тэмцээн зэрэг цөөхөн арга хэмжээ болж байсан бол 2015 оноос  эхлэн олон улсын болж цар хүрээ нь өргөжснөөр   гадаад, дотоодын  аялагчдын тоо жил бүр нэмэгдэж байна.

Энэ удаагийн мөсний баярт Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын зөвлөх Данилов Виталий Алексеевич, Оросын холбооны улсаас Эрдэнэт хотод суугаа ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Евгений Георгович Михайлов, Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайд У Сун, Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайдын орлогч дарга Олдрич Зажик, Бүгд Найрамдах Куба улсаас Монгол улсад суугаа элчин сайд Раул Делгадо Консепсион, Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол улсад суугаа элчин сайд Станислав В.Чепурной, гадаадын 12 орны мэргэжлийн фото зурагчдын баг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд болон орон нутгийн удирдлагууд,Улаанбаатар,Дархан,Эрдэнэт хот болон зэргэлдээх аймгууд, Хөвсгөл аймгийн 23 сум бүрийн төлөөлөл, гадаад дотоодын аялагч жуулчид хүрэлцэн ирж Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр хоёр хоног мөсөн урлалын гайхамшгийг үзэж, олон сонирхолтой уралдаан тэмцээнүүдэд оролцож, үзэж сонирхлоо.

Мөсний баярт Улаанбаатар хотоос дугуйгаар ирлээ.

Хөвсгөл нутгийн уугуул Р.Хадбаатар ахлагчтай дугуйн спортын баг тамирчид Хөвсгөл нуурыг дугуйгаар тойрч оролцдог уламжлалтай бөгөөд нийт 271 км зам туулж барианд орлоо. Энэ жилийн мөсний баярт тус багийнхнаас гадна 68 настай унадаг дугуйн олон улсын хэмжээний спротын мастер Ш.Ёндондаш Улаанбаатар хотоос 900 км замыг 7 хоногийн хугацаанд дугуйгаар туулан ирж оролцсон бөгөөд өвлийн улирал болохоор хүйтэн зам хальтиргаа гулгаа их байсан боловч сааталгүй явж Далай ээждээ зорин ирж Монгол хүний зориг тэвчээрийг харууллаа.